АРД КРЕДИТ ББСБ ХК 2021 ОНЫ УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2022-02-21 18:29

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түншүүд, хамтран ажиллагсад та бүхнийхээ амар мэндийг эрэхийн зэрэгцээ Ард Кредит ББСБ ХК-ийн 2021 оны урьдчилсан тайланг танилцуулж байгаадаа таатай байна.

Энэ онд Ард Кредит ББСБ ХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн, түүхэн өндөр өсөлт үзүүлсэн өрнүүн жилийг үдлээ. 

Манай компанийн хувьцаа Монголын Хөрөнгийн Биржийн I-р ангилалд шилжиж,  ТОП-20 индекст 3 дахь жилдээ багтсан бөгөөд Компанийн (MSE:ADB) нэгж хувьцааны үнэ түүхэн дээд ханш болох 351.12 төгрөгт хүрч, жилийн туршид нийт 19.7 тэрбум төгрөгийн 106.8 сая ширхэг хувьцаа арилжаалагджээ. Мөн манай хувьцаа эзэмшигчдийн тоо 6.4 дахин өсөж 13 мянгад хүрэв. Энэ нь манай хувьцааны хөрвөх чадвар болон арилжааны идэвх өндөр, хөрөнгө оруулагчид бидэнд итгэл хүлээлгэсний тод жишээ боллоо. 

Бид 2021 онд Хувьцаа эзэмшигч нартаа 2020 оны цэвэр ашгийн 49.8 хувь болох 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр, 1.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 5.8 сая ширхэг АрдКойныг урамшууллаар тус тус олгож жилийн эцсийн дүнгээр Ард Апп хэрэглэгчдийн тоо 1 сая, нийт зээлийн багц 1.8 дахин өсч 36.6 тэрбум төгрөг, цэвэр ашиг 3.4 дахин өсч 4.1 тэрбум төгрөгт хүрсэн өндөр амжилт гаргалаа. 

2021 оныг товч дүгнэхэд, Ард Аппын 4 дэх хувилбараа олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагч нартаа зориулан Fast Cash White хөнгөлөлттэй зээлийг санал болгож, Монголын Банкны Холбооны албан ёсны бүрэн эрхт гишүүн байгууллага болж, Ард Аппад ХУР системийг нэвтрүүлж, Санхүүгийн зах зээлд цоо шинэ үйлчилгээ болох анхны виртуал хөрөнгө барьцаалсан зээл буюу АрдКойн барьцаалсан зээлийг нэвтрүүлж, Гадаадын банк санхүүгийн байгууллагаас авах санхүүжилтийн өртгийг бууруулж, хэмжээг нэмэгдүүлж, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох уриан дор Ирээдүйн хөрөнгө оруулагч нартаа зориулж АрдКидс хүүхдийн санхүүгийн аппликейшнийг нэвтрүүлэв.

Салбарын хөгжлийг түүчээлэх алсын хараа бүхий Ард Кредит ББСБ ХК нь 2022 онд  харилцагчдадаа зориулж Pick n Pay худалдан авалтын зээлийн бүтээгдэхүүн, Монголд анх удаа үйлдвэрлэгч, нийлүүлэгч, мерчант болон эцсийн хэрэглэгчийг холбосон нийлүүлэлтийн гинжин хэлхээний  шинэ төрлийн санхүүжилтийг нэвтрүүлэх, Кредит картын үйлчилгээ зэрэг дараагийн шатны шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхээр ажиллаж байна. Мөн одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ дахин дижилталчилж шинэ хувилбаруудыг нэвтрүүлэх юм. Эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтэрснээр харилцагчид  илүү таатай нөхцөлөөр амьдралынхаа хэрэгцээ шаардлага, хүсэл, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй жил Ард Кредит ББСБ ХК-ийн хувьд дараагийн 10 жилийн хуудсыг нээсэн, үсрэнгүй амжилтыг бататгасан жил байх болно гэдэгт итгэлтэй байна.

Гүйцэтгэх захирал

Г.Тэлмэн