ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЗАХИДАЛ

2024-02-01 12:19

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болсноос хойш даруй 5 жилийг үджээ. Энэ хугацаанд бид амаргүй цаг үеийг хамтдаа давж, түүний хажуугаар чамгүй олон ололт амжилтыг гаргалаа.

Нээлттэй хувьцаат компани болсноос хойш гүйцэтгэсэн томоохон ажлуудыг товч дурдвал:
- Япон улсын Крауд Кредит сантай хамтран ажиллаж 5 сая долларын санхүүжилт татав.

- Монголбанкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авав.

- Монгол Шуудан ХК-тай хамтран EuroGiro олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэв.

- ACH+ (Автомат Клиринг Хаус) банк хоорондын төлбөр тооцооны системд нэгдэв.

- Нийлүүлэлтийн гинжин хэлхээний СКОПА төслийг хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд малын тэжээлийн зээл, мерчантын зээлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэв.

- Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Интернет Банкны үйлчилгээг танилцуулав.

- ББСБ-уудаас анх удаа карт гаргагчийн зөвшөөрөл авч, бие даасан кредит карт гаргав.

- Анхны виртуал хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээг нэвтрүүлэв.

- Хүүхдэд зориулсан анхны санхүүгийн аппликейшн АрдКидс Аппыг зах зээлд нэвтрүүлэв.

- Pick n Pay, Cupcake зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэв. 

Ард Кредит нээлттэй хувьцаат компани болсон цагаас хойш жил бүр Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, I ангилалд багтаж, 5.3 тэрбум татан төвлөрүүлсний 80% орчим хувь буюу нийт 4.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараасан байна. 2023 онд Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэгч ТОП-10 нээлттэй хувьцаат компанийн нэгээр шалгарч байсан бол 2024 онд Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст дахин багтсанаар амжилтаа бататгав.

Компанийн хөгжлийг дараагийн шатанд гаргахаар хичээнгүйлэн ажиллаж 2023 оны 9 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл авч, Ард Кредит олон нийтэд нэмэлт хувьцаагаа гаргаж буйг хүлээн авна уу.

Бид компанийн 30 хувь буюу нийт 84 сая ширхэг хувьцааг олон нийтэд нэмж санал болгож байгаа бөгөөд нэгж хувьцааг 106 төгрөгөөр үнэлж нийт 8.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Нэмэлт хувьцаа гаргаснаар өөрийн хөрөнгө нэмэгдэж санхүүжилт татах орон зай төдий чинээ нэмэгдэж, компанийн бизнесийн үйл ажиллагаанд үсрэнгүй нөлөө үзүүлэх юм.

Татан төвлөрүүлэх хөрөнгийг Бичил, жижиг, дунд бизнесийн зээл, Хөрөнгө барьцаалсан зээл, Хэрэглээний зээлийн санхүүжилтэд зарцуулах юм. Ингэснээр компани энэ онд нийт хөрөнгийг 110.9 тэрбум, Зээлийн багцыг 85.9 тэрбумд хүргэж 67.2 тэрбумын санхүүжилт татсанаар 6.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

Хувьцаа эзэмшигч та нэмэлт хувьцаанд захиалга өгөх хүсэлтэй бол Ард Аппаар эсвэл өөрийн харилцдаг үнэт цаасны компанитай холбогдон захиалгаа өгөөрэй.

Хүндэтгэсэн,
Г.Тэлмэн