АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023-03-02 10:41

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2023 оны 2 сарын 13-ны өдөр хуралдаж, 2023-2025 оны компанийн дунд хугацааны бизнесийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж эздийн өмч болон хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Ард Кредит ББСБ ХК нь 2022 онд татварын дараа ₮2.1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд ногдол ашиг хуваарилахгүй байснаар эздийн өмч ₮18.1 тэрбумд хүрч, санхүүжилт татах боломж нэмэгдэх юм. Үүний үр дүнд компанийн үйл ажиллагаа илүү өргөжиж, 2023 онд хувьцаа эзэмшигчдийн хүртэх хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх давуу тал үүсэж байгаа юм.

Ард Кредит ББСБ ХК нь 2019 оны 2 сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийж, нийт хувьцааны 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг олон нийтэд анх удаа санал болгосноор 1,454 хувьцаа эзэмшигч бүхий нээлттэй хувьцаат компани болсон билээ. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа өргөжиж, өдгөө 13,539 хувьцаа эзэмшигчдийн итгэлийг даан ажиллаж байна. 

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, Орос-Украйны дайн зэрэг гадаад болон дотоод эдийн засгийн хүндрэлтэй үед эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж хувьцааны үнэ цэнийг хамгаалан ажилласан бөгөөд өнгөрсөн жилүүдэд тогтмол ашигтай ажиллан ногдол ашиг хуваарилж байв. Үүнээс дурдвал,

  • 2019 онд 1,481 хувьцаа эзэмшигчид 1.18 тэрбум, 
  • 2020 онд 2,139 хувьцаа эзэмшигчид 1.0 тэрбум, 
  • 2021 онд 13,702 хувьцаа эзэмшигчид 1.26 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгож байсан юм.

Цаашид Ард Кредит ББСБ ХК хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг тогтвортой байлгаж, үйл ажиллагаагаа улам бүр сайжруулан хөгжил дэвшлийг түгээгч нь байж, зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байх болно.