by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: БСХС-аас 500 сая төгрөгийн санхүүжилт авч хамтран ажиллахаар боллоо.2015-10-14 14:08

Ард Кредит ББСБ (Ард Кредит) нь 2 дахь удаагаа Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан (БСХС)-гийн дамжуулан зээл олгогч бичил санхүүгийн байгууллагын шалгаруулалтад амжилттай оролцож 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг 3-н жилийн хугацаатайгаар авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсныг мэдэгдэхэд таатай байна.

2-original
зургийн эх сурвалж www.mdf.mn

Энэхүү санхүүжилт нь амьжиргааны доод түвшинөөс доогуур орлоготой Монгол улсын иргэд, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дамжуулан олгогдох юм. Бид бичил зээлийн үйлчилгээгээ зөвхөн Улаанбаатар хотын иргэдэд олгоод зогсохгүй алслагдсан хөдөө орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдэд Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо (ХБСХДХ)-ны хадгаламж зээлийн хоршоодын сүлжээг ашиглан хүрч үйлчилж байгаа билээ.

БСХС нь Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд хөдөө орон нутагт бичил санхүүгийн үйлчилгээг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудаар дамжуулан хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан бичил санхүүгийн мэргэжлийн сан билээ.

Ард Кредит нь 2011 онд ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бичил болон жижиг зээлийн чиглэлээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Бид зөвхөн зээлийн үйлчилгээ эрхлээд зогсохгүй харилцагчиддаа өндөр өгөөж бүхий Итгэлцлийн үйлчилгээг санал болгон үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлж ирлээ.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдэл (АСН)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд АСН санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүний компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж өгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.

ХБСХДХ нь 2010 онд ХасБанк-ны франчайз хадгаламж зээлийн хоршоодыг өөртөө нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан билээ. Энэхүү холбоо нь одоогийн байдлаар АСН-ийн Гүйцэтгэх захирал Чулууны Ганхуягийн удирлага дор үйл ажиллагаа явуулж байна.