by

“Бичил санхүүгийн хөгжлийн сан”-аас 300 сая төгрөгийн санхүүжилт авахаар боллоо2015-04-10 07:58

Ард Кредит ББСБ (Ард) нь Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан (БСХС)-гаас 300 сая төгрөгийн санхүүжилт авч хамтран ажиллахаар боллоо. Бид энэхүү санхүүжилтийг бага орлоготой иргэд, айл өрхийн хэрэгцээнд тохирсон зээлийг тогтвортойгоор хүргэхэд ашиглах юм. Ард нь бичил зээлийн үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотын иргэдэд олгоод зогсохгүй хөдөө орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдэд өөрсдийн сүлжээг ашиглан хүрч үйлчилж байна. Ард-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Бид дэвшилтэт арга барил ашиглан бичил зээлийн үйлчилгээг Монгол Улсын иргэдэд илүү ойртуулан хүртээмжтэй хүргэх зорилготой ажиллаж байна. БСХС-тай хамтын ажиллагаа эхлүүлсэнээр бид зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшиллаа” хэмээн цохон тэмдэглэлээ.
БСХС нь Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд хөдөө орон нутагт бичил санхүүгийн үйлчилгээг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудаар дамжуулан хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан бичил санхүүгийн мэргэжлийн сан юм.
Ард нь 2011 онд үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ард Санхүүгийн Нэгдэл-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Бидний эрхэм зорилго бол орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд оршино.
Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанид хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж өгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Ард нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл буюу ХасБанк, Ард Даатгал, Ард Кредит, Монет Капитал, Ард Актив, Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийж, удирдлагад нь идэвхтэй оролцон харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож ажиллаж байна.